АЖИЛ ОЛГОГЧИЙН ҮҮРЭГ
2023-11-02 13:50:02,   604

Ажил олгогч нь эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэн ажиллах шаардлагатай. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар ажил олгогчид машин механизм, тоног төхөөрөмж ашиглах, өргөх, тээвэрлэх, гал унтраах зэрэг аюулгүй байдлын шаардлагыг ажилчдад нарийвчлан танилцуулах шаардлагатай. Ажил олгогчид бүх ажилчдыг урьдчилсан болон тогтмол үзлэг шинжилгээнд (ажлын гүйцэтгэлтэй холбоотой) үнэ төлбөргүй хамруулах ажлыг зохион байгуулах үүрэгтэй.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулинд ажил олгогчийн үүрэг хариуцлагыг тусгасан бөгөөд үүнд: аюулгүй, эрүүл ажлын орчин нөхцөлийг бүрдүүлэх, бий болгох; болзошгүй аюулд өртсөний дараа ажлыг зогсоох, ажлын байранд учирч болох аюул, ослыг арилгах, хянах эрсдлийг үнэлэх, ажлын нөхцлийг үнэлэх, аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулах, сургалтад хамрагдаагүй ажилчдыг ажиллуулахыг хориглох.

Ажилчид аюулгүй, эрүүл ажлын байранд ажиллах, үйлдвэрлэлийн осол аваар ослын даатгалд хамрагдах эрхтэй бөгөөд учирч болзошгүй аюулд өртсөн тохиолдолд ажлыг зогсоох эрхтэй.

Ажилтны эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч нь ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үр дүнтэй, шат дараалсан арга хэмжээг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартад нийцүүлэн авч хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заасан.

Ажил олгогч ажилтныг холбогдох хууль тогтоомж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт хангасан хөдөлмөрийн хэвийн нөхцөлөөр хангах үүрэгтэй. Ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах талаар ажил олгогчоос тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

Эх сурвалж: 2021 оны Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 120 болон 121 дүгээр зүйл

2023-11-02 13:50:02