ЗОХИОЛЧ СОРГОДОГИЙН ЖАРГАЛСАЙХАН
2023-06-28 12:17:15,   323

ЗОХИОЛЧ СОРГОДОГИЙН ЖАРГАЛСАЙХАН

Тэрээр 1957 онд Хөвсгөл аймгийн Мөрөнд төрсөн. 1980-аад оныхны дундаас үргэлжилсэн үг, жүжиг, киноны зохиолоор уулын үер шиг оволзсон хүчтэй гарч ирсэн хүн бол Соргодогийн Жаргалсайхан. Түүний бичсэн “Их хөвчийн шуугиан”, “Саваагүй амьтан”, “Мааз Дамбий”, “Хүний үр” зэрэг өөрийн “араншин” төрхтэй өвөрмөц дүр дүрслэлтэй өгүүллэгүүд дал, наяад оны зааг дээр төвийн сонин хэвлэлийн хуудаснаа гарч уран зохиолын хорхойтон хийгээд уншигч олны анхаарлыг зүй ёсоор татаж эхэлсэн бол даанч их удалгүй “Айлын том хүү”, “Уул хүү хоёрын домог”, “Эгч ах дүү бидний тухай”, “Урт өдөр”, “ Хүний тэнгэр” туужуудыг нь гар нооргоор нь дамжуулан уншсан бидэн билэг авьяасыг нь гайхан шагшилдаж уран зохиолын дугуйланд явахыг хүсэж байлаа. Гэтэл Жаргалсайхан “өөрийнхөө дугуйланд” суралцаад нэр зүсээ олчихсон байжээ.. С.Жаргалсайханы “Жирийн гайхамшиг” хэмээх анхны жүжиг нь тэр үеийн Ардын боловсролын яам, Хүүхдийн төлөө төв фондоос зохиолчдын дунд зарласан уран бүтээлийн уралдааны манлайд “давхиж” Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театрт тавигдсанаас хойш жүжиг киноны олон зохиол туурвижээ. Нэгэн сэдэв санааны эргүүлэгт баригдалгүй их амьдралын төгсгөлгүй орон зайн хэмжээгээр чөлөөтэй сэтгэж сонирхолтой туурвиж чаддаг уран бүтээлч. Бичсэн жүжиг, кино, тууж, өгүүллэг бүхэн нь сонирхолтой бие биенээ давтаагүй байдаг.

Түүний “Буцах хаяг” “Халуун газар” жүжиг, “Найрын ширээний ууц” уран сайхны кино бүтээсэн улсын жүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдаач Г.Доржсамбуу “Уран бүтээлчийн хувьд гайхагддаг авьяас нь учир шалтгааны логик дарааллыг мэргэн олдогт байгаа юм Түүний . “Илүү сартай зун” кино, найруулагч Санчигданы тавьсан “Там” жүжиг гэх мэт бүтээлүүд нь цаг хугацаагүй зохиол” гэж хэлсэн нь нөхрийнхөө бүтээлд зөв хандсан үг мэт санагдсан.

(“Их хөвчийн шуугиан” өгүүллэг), (”Жирийн гайхамшиг” жүжиг ) ” (“Мааз Дамбий” өгүүллэг) нарын зэрэг эгэл жирийн атлаа хэрэгтэй цагт эгэлгүй зориг гайхамшигт ухаан гаргаж чаддаг хүмүүсийн тухай Жаргалсайханы олон бүтээлээс харж болно. тэрбээр “Там” жүжгээ Драмын театрт үзэгчдийн хүртээл болгосон. Найруулагч Санчигдан агсан тэр жүжгийг хийсвэр хоосонгийн хэлбэрээр тавихдаа өнөөгийн хүмүүсийн ухамсарын хэмжээнд бус аль болох урлагийн бүтээл байж, магадгүй 20-30 жилийн дараах хүмүүст \өнөөгийн бидэнд\ “үг хэлэхээр” тавихыг чармайжээ. Тиймээс ч тухайн үед “Үнэн” сонинд нэгэн үзэгчийн “Тамыг үзэж тамлуулав” шүүмж гарсан аж.

2023-06-28 12:17:15