“ХАНГАРЬД ЦОМ-2025” СУМЫН ЗААН ЦОЛТОЙ БӨХЧҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ БАРИЛДААНД СУМЫН ЗААН Э.МӨНХТӨР ТҮРҮҮЛЛЭЭ.
2025-02-01 19:00:00,   33

Мөрөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар‍, Хөвсгөл аймгийн сумын цолтой бөхчүүдийн "Хангарьд зөвлөл”-өөс хамтран зохион байгуулсан “Хангарьд цом – 2025” сумын заан цолтой бөхчүүдийн нээлттэй барилдаан 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Нээлттэй барилдаанд Хөвсгөл, Булган аймгийн 40 сумын Заан цолтой бөхчүүд тойргийн журмаар барилдаж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат сумын заан Энхбатын Мөнхтөр түрүүлж, Баянзүрх сумын харъяат сумын Заан Батмөнхийн Батбаясгалан үзүүрлэлээ.

Шөвгийн дөрөвт сумын заан Б.Пүрэвням, Г.Энхбаяр, Б.Сүх-Эрдэнэ, Т.Пүрэвжав нар тус тус шөвгөрлөө.

Үндэсний спорт нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Хангарьд цом – 2025” сумын заан цолтой үндэсний бөхийн нээлттэй барилдааны арга хэмжээг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зардлаас дэмжиж, хамтран ажиллалаа.

Хангарьд цом тэмцээнд сүүлийн 2 жил түрүүлсэн бөхчүүд Аймгийн Арслан цол хүртэж, нутгийн зон олноо баясгасан нь энэхүү барилдаанд оролцогчдын чансаа жил ирэх тусам ахиж, өргөн цар хүрээтэй барилдаан болж байгааг сумын Засаг дарга Х.Тайванбаяр онцоллоо.

2025-02-01 19:00:00